Хайр ❤

Khongorzul D
2 min readJul 3, 2021

--

Яг үнэндээ би энэ тухай тийм ч сайн мэдэхгүйлдээ.

“Яаж хувийн санхүүгээ удирдах вэ?”, “Хэрхэн мөнгөө ухаалгаар зарцуулах вэ?” гэсэн сэдэвтэй лекц, сургалт олон нийтийн сүлжээгээр цөөнгүй явагддаг. Тэгвэл яагаад хэн нэгэн “Бусдыг хэрхэн хайрлах вэ?”, “Хайрлах урлаг”, “Өөрийгөө хайрлах тухай” гэсэн сэдэвтэй сургалт явуулдаггүй юм болоо гэж гайхсаар өдийг хүрч байна.

Магадгүй тэдгээр хүмүүс ч гэсэн над шиг хайрлуулах мэдрэмжийг мэддэг ч, өөрийгөө өвтгөхгүйгээр бусдыг хэрхэн хайрлах тухай мэддэггүй байх.

Хайрын тухай бяцхан бодол минь

Хайр ихдэхээрээ #хардалт, #өмчирхөл болж эхэлдэг бол хайр багадахаараа #ганцаардал, #цөхрөл болж хувирдаг. Гагцхүү эцэст нь хоёулаа л их бага хэмжээгээр өвдөлт мэдрүүлдэг.

Сэтгэлийн шарх & өвдөлт

Шархлах гэвэл тохиромжтой мэт боловч бид бие биенийгээ хайрлахдаа бие хийгээд сэтгэлийг нь тодорхой цаг хугацаанд, аль эсвэл тодорхой бус /өөрөөр хэлбэл үүрд/ гэх тодотголтой хайрладаг учир бүхэлд нь өвдөлт гэж яривал зохистой гэж үздэг.

Ихдэхээрээ эсвэл багадахаараа өвтгөөд байдаг юм чинь яагаад зүгээр л яг тохиромжтой хэмжээгээр нь хайрлаж болохгүй гэж.

Тохиромжтой хэмжээ

Энэ хорвоо дээрх бүхий л зүйлсэд өөрийн гэсэн тодорхой хэмжээ, хязгаар гэж байдаг. Савнаас ус халихаараа асгардагтай л адил.

Харин хайрлахад хамгийн тохиромжтой хэмжээ бол нөгөө хүнээ 90%, 80% эсвэл 75% гэх мэт тодорхой хайрлах хэмжээ байдаггүй нь тун харамсалтай. Нөгөөтээгүүр үүнд нь талархмаар ч юм шиг.

Магадгүй тодорхой оноосон хэмжээтэй байсан бол хайр гэдэг зүйл хүн болгонд яг адилхан мэдрэмж төрүүлэх байсан байх.

Мэдрэмж

Хөлд орж байгаа бяцхан хүүхдийг хөл алдаад ойчихвий гэсэн айдастай харж буй ээжийн харц, номын дэлгүүрт ороод хүсэн хүлээсэн ном нь хэвлэгдэн гарсан байгааг хараад дуу алдаж буй бүсгүй, анх удаагаа хорвоогийн түм буман чимээ анирыг сонсож буй бяцхан хүүгийн баяртай инээмсэглэл, их хотын амьдралаас түр холдоод цэвэр агаар, ногоон зүлэгний тансаг үнэрийг үнэрлэн хэвтэх хосууд, цэвэрхэн цагаан хэрэглэлд хүрэхэд мэдрэгдэх тухтай мэдрэмж, өдөржин баяр хөөртэйгөөр ажиллаад гэртээ очоод нэг их ганцаардлыг мэдрэн нулимс дуслуулан суугаа охин. Энэ бүгд мэдрэмж юм.

Яг адилхан зүйлээс хүн болгон өөр мэдрэмж авдаг, тэгээд түүнийгээ өөр өөр үйлдлээр илэрхийлдэг. Хайраас ч бас маш олон мэдрэмжийг мэдэрдэг.

Тэгвэл хайр яг ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

--

--

Khongorzul D
Khongorzul D

Written by Khongorzul D

I have written things here from my perspective. Толгой дотор эргэлдэх үй олон бодлынхоо хэсгээс хуваалцъя.

No responses yet